Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Ц.БААТАРСАЙХАН
Ц.БААТАРСАЙХАН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Ц.БААТАРСАЙХАН

Хүндэт хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

 

2021 онд ковидын нөхцөл байдал үргэлжилсэн жил болж өнгөрсөн ч бид үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад онцгойлон анхаарч ажиллалаа. Компани ажлын байрыг хадгалах, ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах, цалинг тогтмол хугацаанд нь олгох, татвараа цаг хугацаандаа төлөх, зээлийн эргэн төлөлтүүдээ хариуцлагатай хийх зэргээр зогсолтгүй урагшилсаар байна. 

 

Гэнэтийн сорил бэрхшээл тулгарсан энэ үед бидний баримтлан ажилласан гол зарчим бол нөхцөл байдлыг эергээр харж илүү их боломж шинэчлэлийг эрэлхийлэн, хурдан хариу арга хэмжээ авч дасан зохицож ажиллах байсан юм. Манай компанийн үйл ажиллагаанд цар тахлын нөлөөлөл харьцангуй их байсан хэдий ч бид энэхүү үеийг дэлхийн зах зээл рүү чиглэсэн онлайн сувгийн борлуулалтыг нэмэгдүүлэх, Говь брэндийг дэлхийн өнцөг бүрд таниулахад зориулан бэлтгэлээ хангаж сууриа бат бөх тавих боломж хэмээн харж, зоригтой шийдвэрүүдийг гарган ажилласан. 

 

Аливаа шинэчлэл, хөгжилд хөрөнгө оруулалтууд, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл асар их шаардлагатай байдагчлан бид өнгөрсөн жилүүдэд томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсэн нь алсыг харсан стратегийн чухал шийдвэрүүд байсан юм. Бид энэ хугацаанд гаднын нэр хүндтэй компаниудтай хамтарч ажилласнаар нэлээдгүй шинэчлэлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн туршлага хуримтлуулаад байна. 

 

2019 оноос хойш онцгой анхаарал хандуулж ажилласан онлайн борлуулалтын суваг 2021 онд 40.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 29%, 2019 оноос 4.2 дахин өссөн амжилттай үзүүлэлт байлаа. Говь брэнд дэлхийн зах зээлд гарахад чиглэсэн ажлууд амжилттай биеллээ олсоор байгааг АНУ-ын Нью-Йорк хотын “Times Square” талбай, Англи улсын Лондон хотын автобус, таксин дээрх манай сурталчилгаа, алдарт VOGUE сэтгүүлээс харж болохоор боллоо.

 

Мөн компанийн 40 жилийн ойтой давхцуулан “Говь” ХК-ийн түүхэнд бичигдэх нэгэн үйл явдал тохиосон нь ажилтан бүр компанийнхаа хувьцааг эзэмшиж, хөрөнгө оруулагч ажилтан болсон үйл явдал байлаа. Ажилтнуудаа дэмжих, хөгжүүлэх, сайн сайхан амьдрахад хувь нэмэр оруулах нь гүйцэтгэх захирал миний туйлын зорилгуудын нэг билээ. Бид дэлхийд өрсөлдөхүйц компани болж, компанийн нэр хүнд, үнэлгээ өсөхийн хэрээр ажилтнуудын маань эзэмшиж буй хувьцааны үнэ цэнэ өсөж, үр өгөөжөө зайлшгүй өгнө гэдэгт итгэж байна. 

 

Бид 2022 ондоо зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, олон улсад үйл ажиллагаагаа улам тэлж, улс орныхоо эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахын сацуу нийгэм болоод байгаль орчиндоо ээлтэй, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч хариуцлагатай компани байхын төлөө ажиллах болно. Та бүхэнд эрүүл энхийг хүсэж, цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!