ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Баатарсайхан
Баатарсайхан

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Ц.БААТАРСАЙХАН

Хүндэт хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

“Дэлхийд танигдсан Монгол брэнд” уриатай “Говь” ХК үүсгэн байгуулагдаад эдүгээ 40 дэх жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхэн энэ жилүүдэд байгууллагын маань үе үеийн удирдлага, ажилчид, хамт олны хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр дүнг төрөөс өндрөөр үнэлж, “Говь” ХК-ийг маань төрийн дээд шагнал Сүхбаатарын Одонгоор шагнасныг цохон тэмдэглэхэд таатай байна. Бид улам өргөжин тэлэх зорилгоор борлуулалтын суваг, боломжийг эрэлхийлж анх 2019 оны 2 дугаар хагас жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс зэрэг онлайн сувгуудыг нээж эхэлсэн бол 2020 онд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын зах зээлд нэвтрэхийн зэрэгцээ дэлхийн өнцөг бүрд хүрч, Говь брэндийг түгээх үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Онлайн борлуулалтын сувгийг тэлж, хөгжүүлэх стратеги, маркетингийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2020 онд зөвхөн эдгээр сувгуудын борлуулалт 30 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 6 дахин өссөн үзүүлэлт байлаа. Бид цаашид, хурдтай хөгжиж буй технологийн хөгжлийг даган, цахим худалдааны сувгуудыг дотоод болон гадаад зах зээлд улам хөгжүүлэн, өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

2019 оны сүүлээс дэлхий дахиныг донсолгож буй коронавируст цар тахал манай оронд ч хүчтэй нөлөөлж, зөвхөн “Говь” ХК-аар зогсохгүй хувь болон төрийн хэвшлийн олон байгууллагын хурдан хариу арга хэмжээ авах бэлтгэл, чадамжийг шалгасаар 2020 оныг үдлээ. Хэцүү бэрх энэ үед хувьцаа эзэмшигчид та бүхний итгэл, чадварлаг баг хамт олныхоо хүчээр бид нөхцөл байдалд тохирсон оновчтой арга хэмжээг, түргэн шуурхай авч хэрэгжүүлсний дүнд оролцогч талуудын эрх ашгийг боломжит хамгийн өндөр түвшинд хүргэн ажиллаж чадлаа. Бид олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, дэлхийн хэрэглэгчид илүү танигдсан компани болох туйлын зорилготойгоор 2019 онд “Гоёо” ХХК-ийг өөртөө нэгтгэж байсан бол энэхүү зорилгодоо хүрэх дараагийн алхмуудыг шат дараалалтайгаар авч хэрэгжүүлсээр байна.

Миний бие тус компанийн гүйцэтгэх захирлын хувиар “Говь” ХК-ийг зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, олон улсад үйл ажиллагаагаа улам тэлж, эх орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, АЖИЛТНУУДЫНХАА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ хөнгөн үйлдвэрлэлийн салбарын жишиг компани хэвээр байлгахыг эрхэм зорилгоо болгож, байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно.

Биднийг үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ сайн сайхан, эрүүл энхийг хүсэж, цаашдын ажил үйлст тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!