Дотоод хяналтын тогтолцоо
Манай компани дотоод хяналтын тогтолцоондоо “Хамгаалалтын гурван шугам” загварын дагуу зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаагаа сайжруулан ажилладаг.

Хамгаалалтын l шугам: Компанийн үндсэн үйл ажиллагааг явуулж буй нэгжүүд Гүйцэтгэх удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлж, тайлагнадаг.
Хамгаалалтын ll шугам: Компанийн үндсэн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг нэгжүүд Гүйцэтгэх удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу өдөр тутмын хяналтыг давхар хэрэгжүүлж, тайлагнадаг.
Хамгаалалтын lll шугам: Гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлж буй дотоод хяналтын тогтолцоо нь хэрэгжиж байгаа эсэх, оновчтой байгаа эсэх дээр баталгаажуулалтыг хийж, үндсэн чиг үүргийн хувьд Эрсдэл, аудитын хороонд, захиргааны хувьд Гүйцэтгэх удирдлагад тайлагнадаг.
Дотоод хяналтын бодлого
ТУЗ-ийн зүгээс 2021 оны 10-р сард компанийн Дотоод хяналтын бодлогыг боловсруулан баталсан. Тус бодлогын зорилго нь компанийн үйл ажиллагааг үр дүнтэй эрхлэн явуулахтай холбоотой дараах харилцааг зохицуулах, нягтлан шалгах, хяналт тавихад оршино. Үүнд:
• Компанийн үйл ажиллагааг хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журмын дагуу үр ашигтайгаар удирдан явуулах;
• Компанийн эд хөрөнгийг хамгаалах, найдвартай байдлыг хангах;
• Ашиглан, залилангийн үйлдэл болон алдаанаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, засах;
• Нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангах;
• Үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв, бодитоор бэлтгэн гаргах;
• Эрсдэлийг тогтмол хянах, удирдах.
Говь ХК нь дотоод хяналтыг: • Бүх ажилтан, • Нэгжийн удирдлага, • Гүйцэтгэх удирдлагын баг, • Дотоод аудитын хэлтэс, • ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэл, аудитын хороо, • ТУЗ, • Хөндлөнгийн аудит гэсэн шатлалтайгаар хэрэгжүүлнэ.
Дотоод хяналтын бодлогын баримт бичигт эдгээр оролцогч талуудын эрх, үүргийг тусган оруулсан бөгөөд ТУЗ нь ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэл, аудитын хороогоор дамжуулан компанийн дотоод хяналтын үйл ажиллагаанд хяналт тавина.
ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС
Зорилго Дотоод аудитын зорилго нь компанийн засаглалын үйл явц, эрсдэлийн удирдлагын үр нөлөөтэй байдал, дотоод хяналтын үр ашигт байдалд үнэлгээ хийх тэдгээрийн байнгын сайжруулалтад дэмжлэг үзүүлэх замаар байгууллагын үнэ цэнийг хамгаалах, нэмэгдүүлэхэд оршино. Үйл ажиллагаандаа Олон улсын дотоод аудиторуудын институтийн батлан гаргасан ёс зүйн дүрэм, үндсэн зарчмууд болон дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартуудыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Бүтэц, зохион байгуулалт Дотоод аудитын үйл ажиллагаа нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Эрсдэл Аудитын хорооны харьяанд Дотоод аудитын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна . Эрсдэл Аудитын хороо нь Дотоод аудитын дүрэм, стратеги зорилт, эрсдэлд суурилсан аудитын төлөвлөгөө, нөөцийн төсвийг батлах, хэлтсийн даргыг томилж цалин урамшууллыг тогтоохоос гадна аудитын төлөвлөгөөний гүйцэтгэл, үйл ажиллагаанд хяналт тавьж, Дотоод аудитын бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулдаг.
Үйл ажиллагааны хамрах хүрээ Компанийн зорилго, зорилтууддаа хүрэхийн тулд шийдвэр гаргалт, бодлого тодорхойлолт, бизнесийн болон дэмжих ажиллагааны процессууд, комплаенс болон тайлагналын үйл ажиллагааг хамруулан хуваарилагдсан үүрэг хариуцлагыг биелүүлж, чанартай гүйцэтгэл гаргаж байгаа эсэхийг баталгаажуулдаг.