Засаглалын бүтэц

Говь ХК-ийн засаглалын тогтолцоо нь хувьцаа эзэмшигчид, удирдлагууд болон бусад оролцогч талуудын ашиг сонирхлын тэнцвэрийг хангаж, компанийн зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх, хянахад чиглэсэн бүтэц, зохицуулалтын нийлбэр юм. Манай компани Компанийн тухай хууль, Монголын компанийн засаглалын кодекс, гаднын компаниудын сайн засаглалын туршлагаас суралцан Сайн засаглалыг нэвтрүүлэх, компанийн засаглалаар манлайлахаар хичээн ажилладаг.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийг сонгон томилдог бөгөөд ТУЗ нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хангах, хөрөнгийн өгөөж үр ашгийг нэмэгдүүлэх, компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавин, оновчтой чиглүүлгээр ханган ажиллахыг зорьдог.

ТУЗ-ийн дэргэд Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороо, Эрсдэл аудитын хороо гэсэн 3 хороо үйл ажиллагаа явуулан тус бүрийн чиг үүргийнхээ дагуу бодлогыг хэрэгжүүлэн компанийн Менежмент багийнхны үйл ажиллагаанд хяналт тавин дүгнэлт өгч, үр дүнгээ ТУЗ-д тайлагнан ажилладаг. Эрсдэл аудитын хорооны харьяанд Дотоод аудитын хэлтсийг ажиллуулан компанийн хэмжээнд хараат бусаар дотоод хяналтыг хэрэгжүүлдэг.

ТУЗ-ийн харьяанд ТУЗ-ийн ажлын алба ажилладаг бөгөөд ТУЗ-ийн нарийн бичгийн дарга болон ТУЗ-ийн мэргэжилтэн гэсэн 2 хүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн ажлын алба нь ТУЗ болон ТУЗ-ийн дэргэдэх хороодын хурлын бэлтгэлийг ханган зохион байгуулах, олон нийтэд хүргэх мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг хангах, засаглалын бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, компанийн засаглалын асуудлыг хариуцах, хувьцаа эзэмшигч нарын санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх, мэдээ мэдээллээр хангах гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.