dsadasd
dsadasd

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Хүндэт хувьцаа эзэмшигчид, харилцагчид, бизнесийн түнш, хамтран ажиллагсад та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

dsadasd

“Ноолууран хувцсыг хүн бүрт” уриатай Говь ХК нь үүсгэн байгуулагдаад 42 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд түүхэн энэ хугацаанд байгууллагын маань үе үеийн удирдлага, хамт олны хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, үндэсний хэмжээнд нэр хүндтэй шилдэг компани болоод зогсохгүй олон улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шууд борлуулдаг дэлхийн хэмжээний брэнд компани болохыг зорин ажиллаж буйгаа дурдахад таатай байна.

2022 оны эхний хагаст ковидын нөхцөл байдал бүрэн арилаагүй хэдий ч оны дунд үеэс Монгол улс хилээ нээх шийдвэрийг гаргасантай холбоотой сүүлийн 2 жил тасраад байсан жуулчдын урсгал нэмэгдэн аялал жуулчлалын салбар сэргэж, манай улсад ирэх жуулчдын тоо нэмэгдсэн. Энэ нь манай дотоодын борлуулалтад эерэг нөлөөг үзүүлж 93.5 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан нь өмнөх оноос 40% өссөн үзүүлэлттэй байлаа.  

 

Онлайн борлуулалтын хувьд Говь брэндийг дэлхийн хэрэглэгчдэд таниулах зорилгоор маркетингийн зардлын зарцуулалт өмнөх 2 жилд өндөр байсан бол 2022 онд  өмнөх оноосоо 28% бууруулсан бөгөөд нэг харилцагчийг татах дундаж зардлыг Европын зах зээлд 15 евро болгон 3.1 дахин бууруулж чадсан. Мөн нийт бүртгэлтэй хэрэглэгчдийн тоог өмнөх оноос 400 мянгаар нэмэгдүүлж нийт 653 мянгад хүргэсэн бөгөөд 54.3 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан нь өмнөх оноос 33% өссөн үр дүнтэй байлаа. Мөн Их Британи улсад охин компани байгуулж борлуулалтын сувгаа нэмэгдүүлсэн бөгөөд онлайн борлуулалтын гол суваг болох www.gobicashmere.com веб сайт дээр олон улсын зах зээлд туршлагатай түншүүдтэй хамтран ажиллаж, брэндийн дүр төрх бүрдүүлэлт, зураг авалт, контентуудаа сайжруулан ажилласан бөгөөд веб сайтын дизайн хөгжүүлэлтийг хийн шинэчилж 7-р сард цоо шинэ өнгө төрхтэйгөөр ашиглалтад оруулсан.  

 

Өнгөрөгч онд нэгдсэн удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх зорилтын хүрээнд ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болон ISO14001:2015 Байгаль орчны удирдлагын тогтолцооны стандартын баталгаажуулалтыг амжилттай авсан. Түүнчлэн бид утасны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Япон улсын чадварлаг, туршлагатай үйлдвэртэй хамтран ажиллаж, туршлага солилцсоноор ноолууран утасныхаа чанарыг сайжруулж чадсан бөгөөд 12-р сараас эхлэн Италийн нэрт загвар зохион бүтээгчтэй хамтран ажиллаж эхэлснээр бүтээгдэхүүний загвар, дизайнаа хөгжүүлэн сайжруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.  Манай компани Тогтвортой хөгжлийн бодлогынхоо “Аз жаргалтай ажилтан” зорилтын хүрээнд ажилтнуудынхаа ажил амьдралыг тэнцвэртэй байлгах, ажлын байрны таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сурч хөгжих боломжийг нээх, ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

 

Бид 2023 ондоо ноос, ноолуур үйлдвэрлэлийн салбартаа цалин урамшууллаараа тэргүүлэх бодлого баримтлан ажиллах бөгөөд зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, олон улсад үйл ажиллагаагаа улам тэлж, улс орныхоо эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахын сацуу нийгэм болоод байгаль орчиндоо ээлтэй, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч хариуцлагатай компани байхын төлөө ажиллах болно.  

 

Та бүхэнд эрүүл энхийг хүсэж, цаашдын ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Гүйцэтгэх захирал                                          Ц.Баатарсайхан