dsadasd
dsadasd

ТУЗ-ийн даргын мэндчилгээ

Хүндэт хувьцаа эзэмшигчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Говь ХК маань 1981 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгч, харилцагчид болон компанийн удирдлага, ажилтнуудынхаа хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийн үр дүнд үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлсээр байна.

Манай компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП 20 компанийн нэгийн хувьд компанийн засаглалын зарчмууд болон олон улсын засаглалын сайн туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, тасралтгүй сайжруулж хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх болон мэдээллийн ил тод байдлаар хангаж ажиллах тал дээр манлайлсаар ирсэн билээ. Өнгөрөгч онд манай компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 1,556-аар нэмэгдэж нийт 23,172 хувьцаа эзэмшигчтэй болсон байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ тогтвортой, ногоон хөгжил рүү шилжиж буй шинэ замналыг даган бизнесүүдийн хэтийн төлөв, зорилго өөрчлөгдөн компаниудын үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-д үзүүлэх үр нөлөөг тооцсон оролцогч талуудын урт хугацааны үнэ цэнэ, тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэж байна. Үүнтэй уялдан олон улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулан дэлхийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй манай компанийн хувьд үйл ажиллагааны бүхий л шатандаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг шингээн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, ажилтнууд болон оролцогч талуудынхаа эрх ашгийг ханган, засаглалын түвшинд үйл ажиллагаагаа тогтмол сайжруулан ажиллахыг зорьж байна.

 

2022 оны хувьд ТУЗ-ийн түвшинд БОНЗ болон тогтвортой байдлын асуудалд анхаарал хандуулж ажиллах зорилт тавин, 4-р сард “Тогтвортой хөгжлийн үүрэг амлалт”-ыг баталсан бөгөөд тус үүрэг амлалтын хүрээнд тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудаа тодорхойлон баталж, ТУЗ-ийн хурлуудаараа дамжуулан хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавин, удирдлагын багийг чиглүүлэн ажиллалаа.

 

Мөн байгууллагын соёлыг сайжруулах, ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх дээр удирдлагын багийн зүгээс төлөвлөгөө гарган шат дараатай хэрэгжүүлэн ажилласан бөгөөд энэ онд хийсэн онцлох ажил маань ажилтнуудынхаа хүүхдүүдэд зориулсан байгууллагын дэргэдэх “ГОВЬ-ийн багачууд” цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн явдал байлаа. Бидний хэрэгжүүлж буй ажлыг үнэлэн Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан арга хэмжээгээр Говь ХК-ийг 2022 оны гэр бүлийн хөгжлийг дэмжигч шилдэг үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагаар тодруулан шагнасан юм.

 

2022 онд КОВИД-19-ийн нөлөөлөл бүрэн арилаагүй тул  дэлхийн хэмжээнд том гүрнүүдийн геополитик болон гео-эдийн засгийн тэмцэл хурцдаж манай улсын ойролцоох бүс нутаг дайны байдалд хүрч байгаа зэрэг компанийн борлуулалтад шууд бусаар үзүүлэх нөлөөллүүд байсан хэдий ч манай компани 193.4 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан бөгөөд борлуулалтын орлого өмнөх онтой харьцуулахад 34 хувь өссөн үзүүлэлттэй байлаа.

 

Бид ирээдүйн урт хугацааны хөгжил дэвшлийг том зургаар харан, олон улсын зах зээлд илүү танигдах, өрсөлдөх, цаашлаад дэлхийн брэнд болох зорилгоор 2019 оноос хойш стратегийн томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсээр байгаа бөгөөд үүгээрээ бид ирээдүйн өсөлт дэвшлийнхээ суурийг сайн бэлтгэж чадсан гэж дүгнэж байна.

 

Цаашид бид олон улсын зах зээлд брэндийн танигдалтаа улам бүр нэмэгдүүлж, дэлхийн өнцөг булан бүрд Говь брэндээр  хүмүүсийг гоёж, өмнөх жилүүдэд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх, борлуулалтаа нэмэгдүүлэн ашигтай ажиллах болон хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана.

 

Биднийг үргэлж дэмжин ажилладаг ажилтнууд, үнэнч хэрэглэгчид, түншүүд, хувьцаа эзэмшигчид болон бүхий л хамтрагч оролцогч талууддаа маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Удирдахуйн ухааны доктор (Ph.D), профессор   Д.Гэрэлмаа