“ГОВЬ” ХК - Усны зохистой хэрэглээг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шилдэг байгууллагаар шалгарлаа

2023-11-13

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ болон Уур амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ-ийн хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл хамтран Монгол Улсад анх удаа “Тогтвортой ноолуурын өдөр – 2023” өдөр арга хэмжээг зохион байгууллаа.


Тус арга хэмжээ нь байгальд ээлтэй тогтвортой ноолуурын талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, салбарын сайн туршлагыг түгээн сурталчлах зорилготой.


“ГОВЬ” ХК уг арга хэмжээнд оролцон “Усны зохистой хэрэглээг нэвтрүүлсэн шилдэг байгууллага”-аар шалгарлаа. 

 

1X7A7191.jpg
 

Бид байгалийн нөөцийг зохистой, үр ашигтай хэрэглэх бодлогын хүрээнд жил бүр усны хэрэглээг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал агааржуулалтын хөргөлтөд ашигласан цэвэр усыг анхан шатны үйлдвэрийн ноолуур угаах дамжлагад дахин ашиглах, ариун цэврийн өрөөнд усны хэмнэлттэй цорго суурилуулах болон ноолуур будахдаа цайруулалтаас татгалзах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр цэвэр усыг илүү үр ашигтай, хэмнэлттэйгээр зарцуулж байна. Мөн 2020 онд бохир ус цэвэршүүлэх байгууламж байгуулан ашиглаж эхэлсэн билээ.

 

1X7A6967.jpg
 

Манай компани тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан, хэрэглэгчддээ чанар, нийцэмжит үнэ, загвар, тогтвортой байдлыг амладаг. Энэ амлалтынхаа хүрээнд хариуцлагатай коллекциудын үйлдвэрлэлийн тоо хэмжээг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ингэснээр тогтвортой үйлдвэрлэл эрхлэх зорилгодоо хүрэхээр эрмэлзэж байна. Энэхүү арга хэмжээнд хариуцлагатай коллекциудын нэг болох “CASHMERE REBORN” КОЛЛЕКЦ-оо танилцууллаа. Уг коллекц нь нэгж бүтээгдэхүүнд зарцуулах усны хэмнэлт 13%, эрчим хүчний хэмнэлт 31%, CO2-н ялгаруулалтыг 31% бууруулж, химийн бодисын хэрэглээг 16%-иар багасган хүрээлэн буй орчинд ээлтэй бүтээгдэхүүн болсон юм.

 

1X7A7181.jpg
 

Хүрээлэн буй орчинд ээлтэй, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүнийг урлаж буй ГОВЬ-ийн нийт баялаг бүтээгчдэдээ талархсанаа илэрхийлье.