Говь ХК олон улсын хөрөнгө оруулалтын банктай чухал гэрээ хэлэлцээрийг эхлүүллээ

2020-05-15

dsadasd

 

Говь ХК нь 7 жилийн хугацаатай 30 сая еврогийн зээлийн гэрээг Олон улсын хөрөнгө оруулалтын банктай байгууллаа.

 

Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ) болон Говь ХК нь олон жил амжилттай хамтран ажиллаж ирсэн бөгөөд анх 2001 онд Говь ХК-д шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5 сая ам.долларын санхүүжилтээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

 

Шинээр байгуулж буй гэрээний заалтын дагуу тус санхүүжилтийг Говь ХК нь одоогийн үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд чиглүүлж, Дэлхийд алдартай өндөр чанар бүхий Монгол ноолуурыг малчдаас шууд бөгөөд тасралтгүй бэлтгэн нийлүүлэлтийг бэхжүүлэхийг зорьж байгаа юм. Нийт орон даяар Говь ХК-ийн шууд нийлүүлэгчид нь 25 мянга гаруй малчин өрх байдаг.

 

Тиймээс ОУХОБ-ны санхүүжилт нь өндөр чанарын түүхий эдийг тасралтгүй хангалтыг дэмжихээс гадна үндэсний хөдөлмөр эрхлэлт болон экспортын томоохон хувийг бүрдүүлж буй хөдөө аж ахуйн гол салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах юм. Санхүүжилтийн гэрээний хүрээнд Говь ХК нь мал аж ахуйн хариуцлагатай санхүүжилт болон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах бөгөөд үүний дунд малчдын ахуйн болон амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлж хэвшүүлэх, амьтад болон байгалийн баялгийн үнэ цэнд анхаарах зэрэг багтана.

 

ОУХОБ нь Будапешт хотод төвтэй бөгөөд тус банкийг байгуулах засгийн газар хоорондын гэрээнд үндэслэж үүсгэн байгуулагдсан. Олон улсын гэрээ бүхий тус хэлэлцээрт Банкны бүх гишүүн орнууд 1970 оны 7-р сарын 10-ны өдөр гарын үсэг зурж байсан түүхтэй. Банкны гишүүн орнуудад Болгар, Унгар, Бүгд Найрамдах социалист Вьетнам, Куба, Монгол, ОХУ, Румын, Словак, Чех зэрэг улсууд ордог.

 

Энэхүү зээл нь ОУХОБ-ны эрхэм зорилго, стратегид бүрэн нийцэж буй үлгэр жишээ санхүүжилтийн гэрээ юм. Олон арван мянган хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, аж ахуйн байдлыг сайжруулахад туслах бөгөөд ОУХОБ-ны гишүүн орны эдийн засгийн хөдөлгөгч аж ахуйн нэгжийн динамик өсөлтийг хангаж, экспортыг тэлж, Монгол улсын зүгээс ОУХОБ-ны гишүүн улс болон бусад улстай үүсгэсэн худалдаа болон эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Бид цаашид энэ төрлийн санхүүжилтийг дэмжих тал дээр хүчин чармайлтаа үргэлжлүүлэн анхаарах болно.

 

-ОУХОБ-ны Зээл, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Удирдах зөвлөлийн дэд дарга, Георгий Потапов.