ГОВЬ ХК-ийн шаардах эрх хэрэгжүүлэх хүсэлт ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хувьцааны төлбөрийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд байршууллаа.
2024-06-13
ГОВЬ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан бусад хувьцаа эзэмшигчид өөрсдийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэн тул манай компани нээлттэй хувьцаат компанийн хувьд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн, бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг нь эдлүүлж, тэдний эрх ашгийг хангах зорилгоор ТУЗ-ийн 2024 оны 4-р сарын 19-ний хурлаар “Бусад хувьцаа эзэмшигчдийн ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ КОМПАНИАС ШААРДАХ эрхийг хэрэгжүүлэх” шийдвэр гаргасан.
Тус шийдвэртэй холбоотой хувьцаа эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрх хэрэгжүүлэх хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авсан.
Дээрх хугацаанд нийт 96 хувьцаа эзэмшигчээс 3,427,017 ширхэг хувьцаанд ногдох 919,331,580.42 төгрөгийн хүсэлт хүлээн авсныг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд нь байршуулсан болно.
Иймд хүсэлт гаргасан хувьцаа эзэмшигчид өөрийн харилцдаг үнэт цаасны компаниараа дамжуулан хувьцааны мөнгийг авах боломжтой.
Харин хувьцаа худалдах хүсэлт гаргаагүй хувьцаа эзэмшигчдийн хувьд эзэмшиж буй хувьцааны эзэмшилд өөрчлөлт орохгүй бөгөөд та ГОВЬ ХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх юм.
Манай компани цаашид ч олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэвээр байх бөгөөд засаглалын сайн зарчмыг баримтлан ажиллаж, оролцогч талуудынхаа эрх ашгийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллах болно.