"ГОВЬ ХК олон улсын OEKO-TEX® STANDARD 100 гэрчилгээгээ дахин баталгаажуулав
2026-05-20

ГОВЬ ХК нь 2024 онд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд UNIDO буюу НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын тэтгэлгээр Монгол Улсад бэлэн бүтээгдэхүүн дээр OEKO-TEX® STANDARD 100 гэрчилгээг авсан анхны байгууллага болсон билээ.
Өдгөө жил бүр бүтээгдэхүүний нэр төрөл болон туслах материалын хамрах хүрээг өргөжүүлж, нэхмэл, оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүнүүд дээр OEKO-TEX® STANDARD 100 гэрчилгээгээ сунгасаар ирсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа амжилттай баталгаажуулж бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын олон улсын шаардлагыг тогтвортой хангаж буйгаа бататгаж чадлаа.
OEKO-TEX® STANDARD 100 нь бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох ноолууран утас, түүнчлэн товч, цахилгаан зэрэг туслах материалууд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, харшил үүсгэхгүй эсэхийг баталгаажуулдаг олон улсын нэр хүндтэй стандарт юм. Жил бүр бид бүтээгдэхүүнээ Швейцарь улсын Цюрих хотод төвтэй OEKO-TEX® байгууллагын нарийвчилсан шинжилгээнд хамруулж, стандартын шаардлагыг бүрэн ханган гэрчилгээгээ баталгаажуулдаг билээ.
Бид хэрэглэгчдэдээ олон улсын стандартад нийцсэн, чанартай, аюулгүй бүтээгдэхүүн хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Цаашид ч хэрэглэгчдийнхээ итгэлийг улам бүр бэхжүүлж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахын төлөө ажиллах болно.