dsadasd
dsadasd

ТУЗ-ийн даргын мэндчилгээ

Хүндэт хувьцаа эзэмшигчид, болон сонирхогч талууддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай компани Монгол Улсын анхны нээлттэй хувьцаат компаниудын нэг бөгөөд Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 жагсаалтад багтдаг компанийн хувьд олон улсын засаглалын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, тэнцвэртэй, хүчирхэг засаглалын тогтолцоог бий болгож, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, мэдээллийн ил тод байдлыг хангахыг зорин ажилласаар ирсэн билээ.

Үүний үр дүнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтээр 2023 онд Монгол Улсын нээлттэй хувьцаат компаниудыг манлайлан тэргүүн байранд үнэлэгдсэнийг дуулгахад таатай байна.

Өнгөрөгч онд ТУЗ-өөс "Хөрөнгө оруулагчидтай харилцах хөтөлбөр" болон "Оролцогч талуудын хамтын ажиллагааны удирдлагын төлөвлөгөө"-г тус тус баталж, компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хангах тал дээр анхаарч ажилласны дүнд манай компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 3.5%-аар нэмэгдэж 24 мянга болжээ. Бидэнд итгэл хүлээлгэн хөрөнгө оруулж буй хувьцаа эзэмшигчдийн тоо улам өссөөр байгаад баяртай байна.  

 

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын хариуцлага өсөн нэмэгдэж, компаниуд оролцогч талуудын урт хугацааны үнэ цэнэ, тогтвортой өсөлтийг бий болгоход ихээхэн анхаарал хандуулах болсон. Олон улсын зах зээлд танигдаж эхэлсэн манай компанийн хувьд үйл ажиллагааныхаа бүхий л шатанд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг шингээн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, засаглалын тогтолцоогоо улам бэхжүүлэн ажиллахыг зорьж байна.

 

ТУЗ-өөс 2022 онд баталсан “Тогтвортой хөгжлийн үүрэг амлалт”-ын хүрээнд өнгөрөгч онд компанийн тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудын хэрэгжилтийг хангахад ТУЗ-ийн зүгээс идэвхтэй анхаарч, дэмжин ажилласан бөгөөд ТУЗ-ийн хурлуудаар дамжуулан хэрэгжилтэд тогтмол хяналт тавин, Гүйцэтгэх удирдлагын багийг чиглүүлэн чамгүй ололт амжилттай ажиллалаа.

 

Үүнээс дурдвал, “Тогтвортой ноолуурын өдөр – 2023” арга хэмжээний үеэр “Усны зохистой хэрэглээг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шилдэг байгууллага”-аар шалгарсан ба “CSR Awards 2023” арга хэмжээний үеэр бидний 2020 оноос хойш хэрэгжүүлж буй “Тогтвортой ноолуур, гурван талт хамтарсан төсөл” нийгмийн хариуцлагын чиглэлийн төслүүдээс шалгарч “Тогтвортой хөгжлийн шилдэг төсөл” шагналыг хүртсэн нь бидний тогтвортой хөгжлийн хүрээнд шат дараатайгаар хэрэгжүүлж буй санаачилгуудын үр нөлөөг онцлон харуулж байгаа гэж бид үзэж байна.

 

Мөн тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг дэмжих, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банктай 30 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг амжилттай үзэглэж, эхний санхүүжилтээ хүлээн авсан бөгөөд цаашид тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлэхээр зорьж байна.

 

Түүнчлэн өнгөрөгч оны онцлох үйл явдлуудын нэг нь Говь ХК орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт байгуулан 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосноор үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлээд зогсохгүй хөдөө орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах эхлэлийг тавилаа. 

 

Говь ХК нь Тогтвортой хөгжлийн бодлогынхоо “Аз жаргалтай ажилтан” зорилтын хүрээнд ажилтнуудын ажил амьдралыг тэнцвэртэй байдлыг хангахаар 2023 онд ажлын уян хатан цагийн системийг оффисын ажилтнуудад, богиносгосон цагийн системийг нярай болон цэцэрлэгийн насны хүүхэдтэй үйлдвэрийн ажилтнуудад хэрэгжүүлж эхэлсэн ба байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг зуны улирлын туршид тасралтгүй ажиллуулсан. Мөн бид цаашид ажлын байрны таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнуудын сурч хөгжих боломжийг нээж, цалин урамшуулал ба сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн байгууллагын соёлыг тасралтгүй сайжруулах болно.

 

Бидний баялаг бүтээгч ажилтнууд, үнэнч хэрэглэгчид, эрхэм түншүүд, хувьцаа эзэмшигчид болон бүхий л хамтрагч оролцогч талуудынхаа дэмжлэгт гүнээ талархаж байна. Та бүхний оруулж буй хувь нэмэр бидний амжилтын үндэс суурь болдог билээ. 

 

Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

 

 

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                         

Д.ГЭРЭЛМАА