Говь ХК олон улсын ISO 50001 стандартыг нэвтрүүлэх төслийг эхлүүллээ
2026-06-08
Говь ХК нь ISO 90001, 14001, 45001 олон улсын стандартуудыг хэрэгжүүлдэг ба ISO 50001 стандартыг нэвтрүүлснээрээ байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулж, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг бий болгож, хүлэмжийн хийн ялгарлаа бууруулснаар манай компани байгаль орчинд илүү ээлтэй үйлдвэр болох юм.
Төслийг энэхүү салбарт арвин туршлагатай Обзервстар ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 5 дугаар сарын 21-ны өдөр талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуран ISO 50001 стандартыг нэвтрүүлэх ажлыг албан ёсоор эхлүүллээ. Ажлыг энэ оны 12 дугаар сар хүртэл нийт 6-н сарын хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна.
ISO 50001 олон улсын стандарт нь цахилгаан, уур, дулаан зэрэг эрчим хүчийг илүү үр ашигтай зарцуулах, нийт хэрэглээг бууруулах зорилготой юм. Энэхүү стандарт нь тухайн зорилгыг гүйцэтгэхийн тулд байгууллагын соёлыг өөрчилж, эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг системтэй болгож, дээд шатны удирдлагуудын оролцоог сайжруулдаг онцлогтой. Харин стандартыг дагаж мөрдсөнөөр гарах үр дүнг тоон үзүүлэлтээр үнэлж дүгнэдэг ба төлөвлөгөөт ажлуудыг ч мөн цугларсан датанд үндэслэн шийдвэрлэдэг. Иймээс ISO 50001 нь байгууллагад бодитой үр дүн авчирч чадах стандарт юм.