“ГОВЬ” ХК – Азийн Хөгжлийн Банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлнэ

2024-03-06

dsadasd

Үндэсний ууган үйлдвэрлэгч “ГОВЬ” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд малчдыг бүлгэмээр дасан зохицуулах, бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох туршилтын төсөл”-ийг  хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.  Уг төсөл нь 2029 он хүртэл үргэлжлэх бөгөөд үндсэн дөрвөн зорилгын дор хэрэгжих юм. Үүнд:    

 

•Малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх,  


•Эрэгтэй эмэгтэй малчдыг тэгш боломжоор хангах,  


•Бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох,  


•Уур амьсгалын өөрчлөлтөд бүлгэмээр дасан зохицуулах зэрэг ажлууд багтана.  

 

Төслийн хэрэгжилтийн эхний шатанд Хөвсгөл, Баянхонгор аймгийн 200 малчин өрхөд бэлчээрийн тогтвортой менежментийн загварыг турших, бэлчээр экологийн мэдлэг ойлголт олгох, санхүүгийн боловсролыг нь дээшлүүлэн жендерийн мэдрэмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.  Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр төслийн явцад бий болгосон сайн туршлага, үр дүн, арга барилыг төрийн холбогдох байгууллагуудтай хуваалцах аж. Ингэснээр тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход нэг шатаар ойртоно хэмээн төслийн багийнхан онцлон тэмдэглэж байлаа.  

 

Уур амьсгалын өөрчлөлт нь манай орны мал аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр учир малчдыг бэлтгэхэд төрийн төдийгүй үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд ч анхаарлаа хандуулах нь зүйтэй. Иймээс уг төсөл нь манай улсад хэрэгжих нь нэн чухал юм. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад хувийн хэвшлийн зүгээс хувь нэмрээ оруулж, дорвитой алхам хийх шаардлагатайг төслийн санаачлагчид онцолжээ.  Энэхүү төсөл нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгын "5. Жендерийн эрх тэш байдлыг хангах", "13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах", "15. Хуурай газрын эко системийг хамгаалах" зэрэг зорилгуудад нийцэж байгаа юм.