

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Эрхэм хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, харилцагч, хамтрагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

“Ноолууран хувцсыг хүн бүрт” уриатай Говь ХК нь үүсгэн байгуулагдаад 42 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд түүхэн энэ хугацаанд байгууллагын маань үе үеийн удирдлага, хамт олны хүчин зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн тэлж, үндэсний хэмжээнд нэр хүндтэй шилдэг компани болоод зогсохгүй олон улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шууд борлуулдаг дэлхийн хэмжээний брэнд компани болохыг зорин ажиллаж буйгаа дурдахад таатай байна.
2025 он Говь ХК-ийн хувьд хэрэгжүүлсэн шинэчлэлүүд бодит үр дүнд хүрч, өсөлтийн шинэ шатанд шилжсэн жил байлаа. Бид үйл ажиллагааны үр ашиг, технологийн дэвшил, зах зээлийн тэлэлтийг бодлогын төвдөө тавин ажилласны үр дүнд санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэлээ мэдэгдэхүйц сайжруулж чадлаа.
Тайлант онд компани нийт 246.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд үүнээс дотоод зах зээлд 199.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж түүхэн дээд үзүүлэлт тогтоолоо. 2025 онд жуулчдын урсгал нэмэгдсэн нь дотоодын борлуулалтад эерэг нөлөөлж, бид энэ боломжийг үр дүнтэй ашиглаж чадсан юм. Харин гадаад зах зээлд 46.9 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь экспортын бодлогын хүрээнд үйлдвэрийн бүтээмж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор экспортын харилцагчдын тоог 46 хувиар бууруулж, илүү цөөн боловч тогтвортой, стратегийн ач холбогдол бүхий харилцагчдад төвлөрөн ажиллах бодлого баримталсан бол гадаад борлуулалтын хүрээнд брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор бүтээгдэхүүний үндсэн үнийг нэмэгдүүлж, хямдралын хувийг бууруулсантай холбоотой юм. Иймд борлуулалтын хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан хэдий ч энэ нь компанийн урт хугацааны үнэ цэнэ болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн стратегийн шийдвэр болсон гэж үзэж байна.
Тайлант хугацаанд бид үйл ажиллагааны үр ашигт төвлөрсөн бодлогыг тууштай хэрэгжүүлж, зардлын удирдлага болон бараа материалын менежментийг сайжруулахад онцгой анхааран ажилласан. Түүнчлэн гадаад зах зээл дэх маркетингийн зардлыг оновчтой удирдан өмнөх оноос 10 хувиар бууруулж, органик борлуулалтын өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээс гадна дизайн, төлөвлөлт, худалдан авалт, үйлдвэрлэл болон борлуулалтын уялдаа холбоог сайжруулснаар нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлж, бэлэн бүтээгдэхүүн болон туслах материалын үлдэгдлийг оновчтой түвшинд хүргэн бууруулж чадсан. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн бүтээмж, үйл ажиллагааны үр ашиг, ашигт ажиллагаа сайжирч, компани 6 жилийн дараа алдагдалгүй ажилласан нь бидний хувьд эргэлтийн эерэг дохио боллоо.
Мөн дижитал шилжилтийн хүрээнд өмнөх жилүүдэд шат дараатай нэвтрүүлсэн PLM, SAP, MES, Conveyor belt зэрэг үйлдвэрлэл, удирдлагын дэвшилтэт системүүдийг 2025 онд цогцоор нь бүрэн ашиглаж эхэлснээр бодит үр өгөөжөө өгч эхэллээ. Ингэснээр гүйцэтгэлийн хяналт, бүтээмж, төлөвлөлтийн чанар шинэ түвшинд хүрч, үйл ажиллагааны уялдаа холбоо, үр ашиг нэмэгдэн, мэдээллийн шуурхай байдал болон тайлангийн чанар сайжирснаар удирдлагын шийдвэр гаргалт илүү оновчтой, үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдээд байна.
Зах зээлийн тэлэлтийн стратегийн хүрээнд БНСУ-д охин компани байгуулж, Macy’s, Amazon, Coupang, Naver зэрэг олон улсын цахим худалдааны платформуудаар бүтээгдэхүүнээ албан ёсоор борлуулж эхэлснээр дэлхийн хэрэглэгчдэд хүрэх сувгаа өргөжүүллээ. Мөн Чингис Хаан олон улсын нисэх буудалд шинэ салбар дэлгүүрээ нээснээр дотоодын борлуулалтыг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад ирж буй жуулчдад үндэсний брэндийг хүргэх шинэ орон зайг бүрдүүлж чадсан юм.
Тогтвортой хөгжлийн хүрээнд бид байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ноос, ноолуурын салбарын хамгийн томд тооцогдох "Үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх байгууламж"-ийг MBBR технологид суурилсан бүрэн автоматжсан системээр шийдвэрлэн барьж, ашиглалтад оруулав. Мөн “Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо”-нд гишүүнээр элссэн нь бидний урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилгын нэгэн илэрхийлэл юм.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлд ноолуурын хэрэглээний боломжийг өргөжүүлж, CashmereTech технологид суурилсан инновац шингэсэн шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд үе шаттайгаар нэвтрүүллээ. Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй дизайнеруудтай хамтран ажиллаж, бүтээгдэхүүний дизайн, хэв маяг, олон улсын өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэхэд тодорхой ахиц гаргаж, ГОВЬ брэндийн бүтээлч чиг хандлага, үнэ цэнийг нэмэгдүүлж чадлаа.
Эдгээр амжилтын ард компанийн нийт хамт олон, хэрэглэгчдийн итгэл, хувьцаа эзэмшигчдийн дэмжлэг, түнш байгууллагуудын хамтын ажиллагаа оршиж байна.
Цаашид бид дунд хугацааны стратегийн хүрээнд дэлхийн зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлж, ноолууран бүтээгдэхүүнийг lifestyle буюу амьдралын хэв маягийг илэрхийлсэн брэнд болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллах болно. Үүний зэрэгцээ олон улсын дизайнеруудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, инновац шингэсэн шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, дижитал удирдлагын системүүдийг бүрэн ашиглан дата суурьтай шийдвэр гаргалтыг хөгжүүлэхэд анхаарна. Мөн борлуулалт, маркетингийн арга барилаа тасралтгүй сайжруулж, үйлдвэрлэлийн бүтээмж, автоматжуулалтыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээ болон бараа материалын удирдлагыг илүү үр ашигтай болгоход анхаарч ажиллах болно. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн шийдлүүдийг өргөжүүлж, мэргэжлийн ур чадвар, бүтээлч соёлыг дэмжсэн байгууллагын орчныг бүрдүүлэх замаар ГОВЬ брэндийн олон улсын өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлж, дэлхийн хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн брэнд болгохын төлөө тууштай ажиллах болно.
Хүндэтгэсэн,
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Б.АМАРСАЙХАН